Амьдралд зөвөлгөө хэрэгтэй юу?
Өөрийн бодол өөртөө зөв. Гэхдээ өөртөө зөв ч гэсэн өрөөл бусдад таалагдахааргүй шийдвэр, сонголтууд бидэнд байдаг. Миний бодол надаа л зөв гэсэн хандлага таныг тусгаар тогтносон, нэг талаараа чөлөөт сонголттой бие хүн болгож харагдуулдаг, тийм сэтгэгдэл ч төрүүлдэг. Гэхдээ хүмүүс бид чинь нийгмийн амьтад. Энэ нь таныг бусдаас байнга зөвлөгөө ав гэсэн санаа биш шүү. Мөн бүх зүйлд бусдаас хараат байж шийдвэр гаргана, хүрээлэн буй хүмүүсийн бүгдийн санаанд таарсан зүйл хийнэ гэдэг өрөөсгөл. Бид өдөрт дунджаар 700 шийдвэр гаргаж түүндээ эргэлздэг гэсэн судалгааг судлаачид хийсэн байна. Үүнээс үзэхэд бидэнд хүнээс асуумаар, лавламаар, санал бодлоо солилцож зөвлөгөө авмаар, эргэлзэн тээнэгэлзэх үедээ найз нөхдөөсөө, хамгийн хайртай хүнээсээ бас өөрийн доторх хүнтэйгээ зөвлөлдөх зүйлүүд гардаг. Тиймээс бидэнд зөв зөвлөгөө хэрэгтэй. Харин юунд?, хэзээ?, яаж ашиглах вэ? гэдэг нь таны сонголт…
Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй. Хэрэгтэй зөвлөгөөгөө хэрэгтэй цагтаа сонсоно гэдэг сайхан. Алдагдсан боломжийг эргүүлж болдоггүйтэй адил ямар ч байсан та эргэж хараад гаргасан шийдвэртээ харамсаж болохгүй. Зөвлөгөө болгон сургамж биш, сургамж болгон зөвлөгөө биш. Сургамж гэдэг хэн нэгний практикаар батлагдсан зүйл, тухайлбал: ахмад настангууд, эцэг эхчүүд туулсан зүйлээ ойр дотныхонтойгоо хуваалцдаг, захидаг. Зөвлөгөө бол гурван найз нэг нэгэндээ эсвэл хуульчийн, сэтгэл судлаачийн зөвлөгөө, эмчийн зөвлөгөө байж болох юм. Хэн нэгнээс авсан зөвлөгөөг яаж хэрэгжүүлэх нь таны хэрэг. гэхдээ тэр шийдвэр мөн л зөв зүйтэй байх ёстой. Эмэгтэй хүний байгалийн шинжүүдийг аваад үзвэл сонирхол татахаар зүйлүүд олон байдаг. Аливаад баяр баясгалантай өөдрөг, эрэгтэйчүүдээсээ илүү тэвчээртэй бас сэтгэлийн хөдөлгөөнөөр асуудалд хандах гээд байдаг. Тэр ч утгаараа бие биедээ зөвлөгөө өгч бас түүнийг хэрэгжүүлэх гэж нилээд хичээдэг. Энэ байдал өсвөр насны охидод ч эрт үед анзаарагддаг. Харин хөвгүүд, залуучууд, эрэгтэйчүүд харьцангуй биеэ даасан тусгаар шийдвэр гаргахдаа дуртай байдаг. Энэ нь тэднийг хүчтэй чадалтай гэж бодогдлуулах байгалийн хүчтэй инстинктүүдийн нэг. Үнэхээр энэ асуудал дээр бид туйлширдаг. Бүх зүйлийг, бүх зөвлөгөөг хэрэгжүүлнэ гэвэл бидний нас хүрэлцэхгүй. Ийм байдалд хэт орвол хүнийг хэлснийг хийдэг, сануулсныг биелүүлэх гэж оролддог машин болон хувирах биз. Бидний ялангуяа монгол хүний сэтгэл зүйн нэг өвөрмөц тал ажигдагддаг. Нэг бол хэнийг ч үгийг сонсдоггүй, нөгөө хэсэг нь хүний хэлснийг л зөв гэж боддог. Авах гээхийн ухаанаар аливаад бодитой хандаж сурна гэдэг амархан мөртлөө хэрэгжүүлэх тал дээр нилээд бэрхшээлтэй байдаг. Ямар нэг асуудалд гаргах гэж буй шийдвэртээ бодитой, ухаалаг, бодол ухаанаараа хандах хэрэгтэй. Хэн нэгний хэлсэн зөвлөгөөг 100 хувь хүлээн зөвшөөрч сэтгэлийн хөдөлгөөнөөр хийсэн алхамууд зөвдөхөөсөө илүү бурууддаг.