Хөгжим гэж юу вэ ?
Хөгжим гэж юу вэ?
Н.Жанцанноров гуай үүнийг “Ертөнцөд олон янзын шуугиан байдаг. Хайр, хар, хов, хэрүүл, аз жаргалыг илтгэсэн гэх мэт. Тэр шуугиануудын дээд яруу найраг нь хөгжим юм. Мөн хүний сэтгэлийг эгшгээр хөдөлгөх дээд мэргэн чадвар. Бас сэтгэмж, логик, сахилга бат, зохион байгуулалт юм. Ертөнцийн тухай, үнэн мөнийх нь тухай ухуулах хуудас, номлол юм. Тухайлбал би өөрийнхөө хөгжмүүдийг өөрийн зүгээс хүмүүст илгээж буй номлол гэж ойлгодог” хэмээн тайлбарлаж байна. Хүн гоё байшин хараад “Хөөх, ямар гоё юм бэ” гэж харж мэдэрснээ үгээр илэрхийлдэг бол хөгжмийг сонсож сайхан эсэхийг нь мэдэрнэ. Чихэр, бурмыг амталж гоёыг нь мэддэг, ялгаж салгадагтай адил. Хөгжмийг мэдрэхэд чих онцгой үүрэгтэй бөгөөд хөгжмийг тархи руу оруулах эсэхийг шийдэх эрх бүхий “мундаг”эрхтэн бол чих. Чих хэрвээ виз дараад тархи руу илгээсэн л бол уг хөгжим хэмээх зөв зохион байгуулагдсан эгшгүүдийн цомог хүнд сайн, ердийн эсвэл муу нөлөө үзүүлдэг байна. Өнгөн талаас нь авч үзвэл сайхан, чанартай хөгжим хүний сэтгэлийг хөглөж, оюун санааг цэлмээн, урам зориг, эрч хүч бэлэглэнэ. Чанаргүй, хортой хөгжим ч бий гэнэ. Н.Жанцанноров гуай ийм хөгжмүүдийг метилийн спирттэй архитай зүйрлэж хошигносон.
Нэлээд гүнд нь орж үзье. Зөв зохион байгуулалттай гэдэг нь үнэн чанартаа байгаль, хүн хоёрын харилцааны үнэмлэхүй үнэнд дөхсөн харилцааг шингээсэн зохион байгуулалт аж. Сахилга бат талаас нь авч үзье. Хүн, барилга, шуугиан гэсэн гурван тэс өөр төрлийн зүйлийг аваад үзэхэд аль алинд нь ерөнхий нэгэн зүйл байгаа нь сахилга бат. Зөв хүмүүжсэн, дэглэм журамтай, боловсорч хөгжсөн, ёс суртахуунтай хүн, суурийг нь бат бөх тавьсан, зураг дизайн сайтай, шилдэг инженер, техникийн ажилтан, барилгачид өндөр зохион байгуулалтаар сүндэрлүүлсэн барилга, эсвэл хэрүүл маргаан, уйлаан чарлаан, сүйрэл, хагацлыг илтгэх чимээ шуугиан биш, харин хайр энхрийлэл, дотносол, оргилсон хүсэл тэмүүлэл, бадрангуй үйлс, ялалтад дуудсан чимээ шуугианыг илтгэх сайхан хөгжим гурвыг төстэй гэвэл адилтгагч нь сахилга бат аж. Энэ утгаар хөгжим хүнийг сахилга журамтай, төв шударга болгон “хүмүүжүүлдэг” байна. Н.Жанцанноров гуай энэ тухай ярьж байхдаа нэгэн жишээ татсан юм. Мань хүн оюутан байж. Москвагаас Внуково нисэх буудал руу таксигаар явж байхад нь жолооч ямар мэргэжилтэйг нь асууж л дээ. Хөгжмийн зохиолч болохоор суралцаж байгаагаа хэлбэл ихэд олзуурхан “Хөгжимтэй ойр хүн их өөр байх юм. Манай байрны гурван хүүхэд хөгжмийн сургуульд явдаг юм. Тэд гурвуул бусад хүүхдүүдээс нэг л өөр. Такие организованные, центричные ” гэж хэлж гэнэ. Эгэл жирийн жолооч эр хөгжмийн хүнд нөлөөлөх чанарыг мэдэрснээ хуваалцсан нь тэр бөгөөд хөгжим хэмээх гайхамшигт зүйл хүнд хэрхэн нөлөөлж далдуур хүмүүжүүлж байдийг тэр гурван хүүхдийн байдал төрх илтгэжээ.
Энэ мэтчилэн олон сайхан жишээ татаж ярьсны эцэст нэрт хөгжмийн зохиолч маань “Хөгжим гэдэг бол ертөнцийн тухай ухуулах хуудас, номлол гэж би түрүүн хэлсэн. Хүн гэж ийм амьтан юм, ертөнц, хорвоо, амьдрахуй, хайр гэж юу юм гэдгийг хэлж, тайлбарлаж өгдөг нээлтүүд юм. Миний хувьд шинэ бүтээл бүхэн нээлт байдаг. Хөгжим бичих гэдэг нь тухайлбал Бетховены холбосон аялгуунуудаас шинэ бодис гаргаж авч байгаагаас ялгаагүй” гэсэн юм.
Энэхүү нийтлэийг бичигч миний бие хөгжим сонирхогч юм. Хүн төрөлхтөний гайхамшигт бүтээл хөгжим гээч агуу зүйлийн талаар маш ихийг мэдэхийг хүсдэг. Хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдсөөр хөгжмийн уран зохиол, дэлхийн хөгжмийн түүхийн номнууд овоо хэдийг эргүүлсэн юм. Тэгэх тусмаа энэ агуу зүйлийн талаар юу ч мэддэггүйгээ ухаардаг. Гэхдээ гутардаггүй ээ. Хүн хөгжмийн боловсролтой болсноор ертөнц, нийгмийн тухай мэдлэг нь системчлэгдэж, амьдрал, ажил үйлс, гэр бүл, ахуйдаа ч дэг, соёлтой хандахыг эрмэлздэг шиг санагддаг. Нөгөө талаар хөгжим бол нийгэм, түүх юм гэдгийг олж мэдсэн. Нийгмийн тусгал учраас түүний тухай сонирхож мэддэг байх нь танин мэдэхүйн бас нэгэн төрлийн зэвсэгтэй болж байна л гэсэн үг. Аугаа хөгжмийн тухай яриад эхэлмэгц Европт амьдарч байсан, аялал зугаалгаар очиж байсан монголчуудын санаанд юуны өмнө христийн сүмийн өндөр өндөр, уран гоё барилга, музейнүүд, тэдний дотоод, гадаад засал бууж ирэх. Тэдгээр байшингууд руу яваад ормогц хамгийн түрүүн сүмийн асар том орган хөгжим байхыг олж харна. Мөргөлийн үеэр бол бүр ч сүртэй. Хүнгэнэсэн, эгээ л тэнгэрээс бурхан бууж ирж буй мэт их чимээ сүсэгтэн олныг эрхгүй эзэмдэнэ. Шашны хөгжмийн зориулалт нь тийм аж. Энд өгүүлж буй дүр төрхийг суут хөгжмийн зохиолч Й.С.Бахын зохиол, бүтээлүүдээс мэдэж болно. Түүний “Токката”-г нэг сонсоод үзээрэй. Тэр аяараа Европын түүхийн нэгээхэн хэсгийг хэдхэн минутад өгүүлж орхино. Тэгснээ Бранденбургийн концертуудыг нь сонсох юм бол мөн л тухайн үеийн Европын хотуудын энх цагийн амьдралын дүр зураг. Худалч хүнд түүх, соёлын дурсгалт хот Бранденбургийн үнэр үнэртэх ч шиг санагдах вий.
Тэгвэл Моцартын хөгжим юу хэлдэг вэ. Товчхон хэлэхэд тэрхүү том, нүсэр барилга байшин дотор юу болж байдаг, ямар амьдрал өрнөж, язгууртан ноёд хэрхэн аашилж аяглаж, алхаж гишгэж байсан тухай мэдэж болохоор. Бүдүүлгээр дур мэдэн зүйрлэхэд сайн барилгын дотоод чамин нандин засал чимэглэл, банзал өмссөн “хийх ажилгүй” эрчүүд цагаа “хүүхэн эргүүлж” хэрхэн өнгөрөөж байсныг ч бараг хэлээд өгдөг гэхэд болохоор. XVII зууны сүүлч, XVIII зууны эхэн үеийн Европ юм даа. Бетховены хөгжим юу өгүүлдэг вэ. Амьдрал, тэмцэл, хайр, ганцаардал, гуниг, цөхрөл, он удаан жил хүлээсэн ялалтын дуун бол түүний хөгжим. Дараа нь өөрөөр хэлбэл, хувьсгал, дайн самуун дууссаны дараахь үеийн нэг их налайсан тайван амьдралыг мөрөөдсөн, зүгээр л залуус гар гараасаа хөтлөлцөөд тайван алхаж явахыг хүсэмжилсэн хөгжим бол Шубертынх. Тэр эрхмийг дэлхийн хөгжмийн урлагийн түүхэнд романтизмыг эхлүүлсэн гэж үздэг. Харин нэлээд хэдэн жилийн дараа Норвегийн хөгжмийн зохиолч Э.Григ өөрийн бүтээлүүдээрээ “Шуберт нарын хэтэрхий нялуун хөгжмүүдээс татгалзая. Сансраас газарт бууж, бодит амьдралын өнгийг илтгэх хөгжим бичье” хэмээн тунхаглаж, тэр үзэл санаа нь хөгжмийн урлаг дахь реализмын эхлэл болсон түүхтэй юм билээ. За тэгээд П.И.Чайковский гээд яривал “хадуураад” явчих байх.
Зөвхөн сонирхож уншихад хөгжим гэдэг түүх, зүй тогтол, систем юм гэдэг нь харагдсан. Н.Жанцанноров гуай бидэнд алтаар ч хэмжишгүй үнэтэй их зүйлийг ярьж өгсөн ч тэр бүгдийг нь нийтлэлд багтаах аргагүй. Гол нь түүний ярианаас хөгжмийн боловсролтой байхын утга учрын талаарх хэсгүүдийг нь орууллаа.
Хэрхэн хөгжмийн боловсролтой болох вэ?
Энэ тухай Н.Жанцанноров гуайтай хэрхэн ярилцсанаа толилуулъя.
- Хөгжмийн боловсролтой байх, олох, олгох гэдэг хувь хүний асуудал юм уу, нийгмийнх үү?
- Эхлээд хөгжмийн боловсрол гэж юу вэ гэдэгт хариу өгөхийг оролдох уу. Энэ нь урлагаас ангид асуудал шүү. Урлагийн хэрэглэгдэхүүнүүдийг ашиглан хөгжмийн тухай, түүгээр дамжуулж ертөнц, амьдралын тухай ойлголтоо гүнзгийрүүлж болох ч тэгснээрээ хөгжмийн урлагт нэвтэрлээ гэж үзэж болохгүй юм. Зүйрлүүлье. За, энэ энгийн халбага хоол идэх хэрэглэгдэхүүн мөн үү, мөн. Харин урлаг биш. Түүнийг их гоё болгон хээ хуар тавиад, дизайн чимэглэлтэйгээр хийвэл тэр музейд очно. Хүн бүр түүгээр хоол идэхгүй. Харин музей, үзэсгэлэнгээс урлаг талаас нь харсан, биширсэн хүн худалдаж авч зөвхөн өөрөө хэрэглэж болох юм. Ингэснээр тэр ганц, ховор, үнэ цэнтэй болж байгаа юм. Яг түүн шиг хөгжмийн боловсрол гэдэг олон нийтийн хэрэг бөгөөд ард олон боловсролтой, мэдлэгтэй байхыг хичээдгийн адил болж өгвөл хүн бүр хөгжмийн боловсролтой байхыг эрмэлзэх л хэрэгтэй.
- Боловсрол гэдэг бүхэлдээ цул юм гэж үзвэл хөгжмийн боловсрол дөрөвний нэг хэсэг эмтэрхий нь гэвэл?
- Хэдэн хувь гэдгийг мэдэхгүй байна. Яах аргагүй хөгжмийн боловсрол хүний хөгжлийн салшгүй нэг хэсэг бол мөн. Боловсрол сайтай хүн нийгэмд олон байх ямар ач холбогдолтой нь ойлгомжтой. Ер нь боловсрол гэдэг эцсийн дүнд зөв амьдрах ухаан л юм шүү дээ.
- Хөгжмийн боловсролтой хүн боловсролгүйгээс юугаараа ялгаатай вэ?
- Хөгжмийн нарийн ширийнийг мэдэрдэг, тэр мэдрэмжээ ашиглаж чаддаг хүн бусдаас арай илүү сэтгэнэ ээ дээ. Тэр хүний тархи илүү ажиллаж байна л гэсэн үг.
- Боловсролтойн дээр урлаг, хөгжимд ойр хүн ерөнхийдөө төгс төгөлдөрт дөхнө гэвэл?
- Ер нь тэр зүг рүү л чиг гарч байгаа нь тэр. Хөгжмийн боловсрол гэдэг өргөн ойлголт, хоёр янз. Хөгжмийн мэргэжлийн боловсрол гэж байна. Мөн иргэний боловсрол гэж бий. Мэргэжлийн боловсролыг олон жилийн тусгай сургалтаар олгодог. Хөгжмийн сургалтын бүх шатны байгууллагууд энэ талд ажилладаг. Харин хөгжмийн иргэний боловсролыг системтэйгээр олгох орчин манайд алга. Хүмүүс хүүхдүүдээ хөгжмийн боловсролтой болгож өсгөх талаар санаа тавьдаг болсон нь сайн. Гэхдээ Бетховен хэдэн симфони бичсэн, Моцарт хэд насалсныг цээжээр хэлэх зэрэг нь хөгжмийн боловсролтой болж байгаагийн шалгуур биш юм. Хүн гээч дээд зохион байгуулалттай амьтан сонсох мэдрэхүйгээ хэр зэрэг ашиглаж чадаж байгаа тухай асуудал юм. Хүн юмыг амталж, үнэрлэж, харж мэдэрч таашаал авдаг, хэрэглэдэг биз дээ. Яг л түүн шиг сонсож таашаан мэдэрч оюунаа цэнэглэн хөгжүүлэх, улмаар амьдралаа хөглөхөд ашиглах тухай асуудал.
-Хүмүүс хөгжмийн боловсролтой болох, ялангуяа хүүхдүүдээ боловсролтой болгохын тулд яах ёстой, юунаас эхлэх вэ?
- Хөгжмийн аливаа бүтээл сайн, муу байгааг ялгах чадвартай болж байгаа бол нэлээд боловсорч байгаа нь тэр л дээ. “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаагийн дүрд Бүтэд, Жавзандулам, Уртнасан гэсэн дуучид дуулахад хэн нь ямар дуулав, юугаараа ялгаатай, онцгой байв гэдгийг харьцуулж дүгнэж чадаж, өөрөөр хэлбэл аль нь таны таашаал авах хэрэгцээг хангаж байгааг тодорхойлж чадаж байвал тэр хөгжмийн чамгүй боловсролтой хүн. Сонсох эрхтэнээ ашиглаж, сэтгэл зүрхээ чагнаж буй хэрэг.
- Тэгвэл анхны алхам нь?
- Хөгжим бол бэлэн биш бүтээгдэхүүн юм. Яг л гурил шиг. Шууд хэрэглэж болохгүй. Зуурч, нухаж, хэрчиж байж болгож иднэ ээ дээ. Хүүхдээр гурил зууруулах хэрэгтэй. Усыг нь сайтар тааруулж зуурдаг болтол нь дахин дахин ажиллуулах хэрэгтэй. Хөгжмийн зөв эгшгэн дээр өөртөө таарсан эгшгүүдийг гаргаж чаддаг болтол нь гүрийлгэх. Хятад сайн тогооч нар гурилынхаа ширхгийг мэдэрч зуурч, нухаж, татаад нарийхан утас шиг болтол татаж сунгаж байдаг юм билээ. Яг л тэдэн шиг гурилын ширхгийг мэдэрдэг болтол нь ажиллуулбал уг нь хөгжмийг илүү мэдрэх юм.
- Гурил зууруулах гэдэг нь ямар нэг хөгжмийн зэмсгээр тоглуулж сургана гэсэн үг ээ дээ?
- Ээ дээ, яг. Төгөлдөр хуур, гитар ч гэдэг юм уу. Ямар ч зэмсэг байж болно. Хүн зовж, биеэр туулж байж илүү өөрийн болгодог. Мөн аль болох их сонсго, байнга үзүүл. Театрт очих болгондоо биш юм гэхэд аль болох залхууралгүй дагуулаад явж бай. Хүн нэг бүтээлийг олон удаа үзэж байж мөн чанарыг нь мэдэрдэг.
- Та түрүүн удирдахуйн ухаанд ч урлаг, хөгжмийн боловсрол нөлөөлнө гэж хэлсэн?
- Цэгцтэй, зөв мэргэн бодлого боловсруулахад логик, сэтгэх чадвар, өндөр зохион байгуулалт, сахилга бат, чадвар хэрэгтэй еэ дээ. Тэгвэл энэ бүхнийг хөгжим агуулж байдаг. Манай улстөрчид чухам ямар байдгийг мэдэхгүй юм. Английн захын лорд хийл хөгжим тоглодог шүү дээ. Хөгжмийн, хошин шогийн мэдрэмж сайтай хүмүүс байдаг. Хошин шог гэхээр манайхны үзүүлээд байдаг шог огт биш юм шүү. Сэтгэлгээний, хөгжсөн тархины зугаа гэдэг талаас ойлгох хэрэгтэй.
- Японы хааны гэр бүлийнхэн л гэхэд бүгд урлаг, хөгжмийг дээдэлдэг, бүгдээрээ л хөгжмийн ямар нэг зэмсгээр тоглодог нь ард түмний дунд соёл түгээх үлгэр жишээ болдог шиг санагдсан.
- Тэгэлгүй яах вэ
- Нээрээ манай улстөрчид хэцүү хүмүүс байдаг шүү. Морь мал л шүтнэ?
- Нэг хүн ярьж байсан юм. Манай дарга нарын нэгнээс нь гадаад хүн Монголд “Тоска” тоглодог эсэхийг асуухад нь “Тоска тоглодог гэж мэдэхгүй юм байна. Харин Тоёота л олон явдгийг нь мэдэх юм байна” гэж хариулсан гэдэг. Уран сайхны боловсрол олж аваагүй лидерүүд хүмүүний харилцааны утга учрыг олох уу даа. Компанийн захирал мөнгө тарааж Их хуралд гарснаа улстөрч боллоо гэж бодвол эндүүрэл. Албан тушаал түүнийг улстөрч болгож байгаа болохоос биш, мэдлэг боловсрол, чадамж нь болгож буй хэрэг биш юм.
- Бидний хөндөж буй хүмүүс хөгжмийн боловсролтой байх нь хөгжлийн чухал элемент юм гэсэн санааг хөндөж олон нийтийн анхаарлыг ийш нь чиглүүлж байгаа маань хөнгөн, хийсвэр санаа, сэдэв биш гэдгийг танаар батлуулсандаа сэтгэл хангалуун байна?
- Хөгжмийг мэдэрдэг, хэрэглэдэг байхад цаг хугацаа, орон зайн мэдрэмж, баримжаа-тай байна аа л гэсэн үг. Өнгөрсөн, одоо, ирээдүйн баримжаа, төсөөлөл бол хөгжим.
- Дунд сургуульд хүүхдүүдэд хөгжмийн боловсрол олгох сайн хөтөлбөр хэрэгтэй санагдах юм. Танд хувилбар байхгүй юу?
- Бэлэн юм алга. Харин энэ чиглэлийн мэргэжилтнүүд, байгууллагууд хамтарч зөвлөлдөж хэлэлцээд яах тухай асуувал би дуртайяа хүч нэмнэ.
- Та Ерөнхийлөгчийн зөвлөх байх аа?
- Үндэсний аюулгүй байдлын.
- Тэгэх тусмаа таны л чигийн ажил байна даа?
- Танай сэтгүүл энэ асуудлыг хөндөж байгаа нь цагаа олжээ. Амжилт хүсье.
- Баярлалаа.
Хаана “гурил нухаж” болох вэ?
Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд хүүхдээ хөгжмийн дугуйланд явуулах нь эрс нэмэгдсэн. Хүүхдийн ордны сонгодог болон ардын хөгжмийн ангиудад пиг. Намар хичээлийн жил эхлэх үеэр эдгээр дугуйланд хүүхдээ багтаачих гэсэн аав, ээжүүд шөнөжин өдөржин дугаарлаж байж бүртгүүлдэг юм билээ.
Энд багтаагүй нэг нь, эсвэл хүссэн багшаараа заалгах гэсэн нь бусад сургалтын төвүүд, эсвэл хувь багшид ханддаг байна. Тухайлбал төгөлдөр хуур сургалтын “Авьяастан” гэж Филармонийн удирдаач Н.Бүтэнбаярын гэргий багш Наранцацралтын сургалтын төвд 60-аад хүүхэд хичээллэдэг юм билээ. Хөгжим бүжгийн коллеж, СУИС-ийн багш нар бүгд л “хувийн” хүүхэдтэй. Тэд ихэвчлэн гэрээрээ цөөн хүүхэд авдаг.
Мөн LADY, “Аллегро”, “Агаар мюзик” гэхчлэн төвүүд төгөлдөр хуурын сургалт явуулдаг. Европ хөгжмийн зэмсгүүдийн зэргэцээ ардынхаа хөгжмөөр тоглож сурах гэсэн хүүхдүүд ч олон. Эрэгтэй хүүхдүүд ихэвчлэн морин хуур сурахыг хүснэ. Тэд СУИС, ХБК-ийн багш нарт ханддаг. Морин хуурч багш нар мөн л ажлын бус цагаар сургалт явуулдаг.
Байнга сонсго, бас таниул
Хөгжмийн боловсрол эзэмшихэд зөвхөн ямар нэг хөгжмийн зэмсгээр тоглодог байх хангалтгүй аж. “Гурил зууруулах” –ын зэрэгцээ байнга үзүүлж байх ёстой юм байна гэдгийг бид хамтдаа ойлгосон. Мөн дэлхийн урлаг, хөгжмийн түүх, уран зохиолтой танилцуулах, хөгжмийн төрөл жанруудын тухай ойлголт өгч, эхний ээлжинд хөгжимд дурлуулах чиглэлд ажиллах нь том алхам ажээ. Ийм ажлыг Монголын ирээдүй болсон хүүхэд залуусын хөгжилд зориулан эрхлэн явуулдгийг төдийлөн олно хүн мэддэггүй бололтой. Швейцарийн Хөгжил хамтын ажиллагааны нийгэмлэг, Хүүхдийн номын ордон, хөгжмийн боловсроыг дэмжих “Агаар мюзик” төв хамтарч “Хөгжим хүний хөгжилд” гэсэн цуврал лекц зохион байгуулдаг аж. Долоо хоног бүрийн баасан гаригийн 17 цагт Хүүхдийн номын ордонд хүүхдүүдийг хөгжмийн алдартай бүтээлүүдтэй танилцуулах, зэмсгүүдийг нэг бүрчлэн танилцуулах, дуурь, балет, дууны урлагийн тухай уран бүтээлчдийг урьж ирүүлж байгаад дуулуулж, хөгжимдүүлж байгаад ойлгуулдаг лекц явуулдаг юм байна. Эцэг эхчүүдэд зориуд хэлэхэд ийм, үзэгч, сонсогчидтойгоо ойр, дотно харилцаанд, асуулт хариулт өрнүүлэх зарчмаар явуулдаг лекц, сургалт байдаггүй. Төсөл энэ оны гуравдугаар сард дуусах гэнэ. Эдүгээ төгсгөлийн шатандаа явж буй бөгөөд одооноос хүүхдүүдээ дагуулаад очсон ч болох юм билээ. Лекц үнэ төлбөргүй, өөрөөр хэлбэл зардлыг нь санхүүжүүлэгч Швейцарийн байгууллага гаргадаг юм байна л даа.
Төгөлдөр хуурч М.Цогбадрах, ДБЭТ-ын захирал Б.Сэргэлэн, гавьяат жүжигчин А.Дашпэлжээ нар лекц уншдаг бөгөөд зарим үед сэдвээсээ хамаараад өөр багш ч ирнэ. Биднийг энэ удаа очиход СУИС-ийн багш Юндэнбат гэж ахмад уран бүтээлч хөгжмийн зохиолч, УГЗ Г.Бирваагийн уран бүтээлүүдтэй танилцуулж байлаа. Сонсогчдыг нь анзаарахад дунд сургуулийн сурагчид төдийгүй их, дээд сургуулиудын оюутнууд байх аж. Тэдний хэн нь ч чин сэтгэлээсээ зориод ирсэн болохоор маш анхааралтай сонсч байсан шүү.
Багш нар хөтөлбөр ёсоор саяхнаас Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдтэй танилцуулж эхэлсэн юм билээ.
Алинаас нь эхэлж сонсгох вэ?
Н.Жанцанноров гуай хүүхдэд хөгжмийн бүтээлүүдээс тааралдсаныг нь сонсгоод байх нь хөгжмийн боловсрол олгож буй хэрэг яавч биш гэсэн л дээ. Гэхдээ л тэрбээр “Их сонсго, хүүхдийг хөгжимд ойрхон байлга” гэж зөвлөж буй юм. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас дунд сургуулийн сурагчдад үзүүлсэн байвал зохих сонгодог бүтээлүүдийн жагсаалт гаргасан байх юм. Гэтэл энэ нь бичгийн гурван цаас дүүрэн юм байсан тул “толгой эргэм”. Түүний оронд олон нийтийн хөгжмийн боловсролын чиглэлд илүү ажиллаж буй хүмүүст хандаж энэ тухай лавласан юм.
Ч.Чинбат
Хийлч, удирдаач, ХБК-ийн багш, УГЗ
- Нэг их хүнд биш, хөнгөн, сонсголонтой хөгжмүүд, тухайлбал Й.С.Бахын хүүхдэд зориулсан жижиг бүтээлүүд, А.Вивальди, Мендельсоны концертуудаас эхэлбэл зүгээр дээ. Ялангуяа хөгжмийн мэргэжлийн боловсрол олгох гэж буй бол тоглох зохиолыг нь дахин дахин сонсгох, маш сайн ойлгуулах чухал. Аав маань намайг бага байхад тоглуулж сургахыг яардаггүй байсан. Зохиол сонсуулаад л байна, ярьж өгнө, юу бодогдож байгааг асууна. Мэргэжлийн хөгжимчин болохгүй ч гэсэн хөгжмийн зохих төвшний боловсролтой болгох гэж байгаа бол мөн л сонсуулахаас эхэлсэн нь зөв л дөө.
М.Цогбадрах
“Агаар мюзик” төвийн тэргүүн, төгөлдөр хуурч
- Ямар ч хөгжмөөс эхэлж сонсгож болно. Заавал нэрлэх хэрэгтэй гэж байгаа бол Моцартын зохиолууд юуны өмнө санаанд орж байна. “Турк марш” гэгддэг рондогоос нь авахуулаад симфониуд нь, тэр дундаа 40 дүгээрхийг нь жагсаалтын бараг эхэнд бичих хэрэгтэй. Түүний бүтээлүүд хөнгөхөн, чамин нандин өнгө аястай, товч тодорхой болохоор хүүхдэд их ойлгомжтой. Томчуудад хандан хэлэхэд түүний хөгжмүүд сайн чанарын дарс л гэсэн үг. Шопены гоё зохиолууд байна. Вальсууд нь сэтгэл татам. Хүүхдүүд Брамсын “Унгар бүжиг”, Штраусын вальсуудыг чих тавин сонсдог. Гагцхүү тэднийг урлагийн орчинд өөрсдийнх хүсэлтээр урьж, сонсгох л чухал. Бид одооноос гурав, дөрвөн жилийн өмнө сургачдыг анги ангиар нь хүчээр авчирч хөгжим сонсгож, тайлбарлаж өгч байсан үе бий. Нийслэлийн зургаан сургуулийн хэд хэдэн ангийг Хөгжим бүжгийн зааланд цуглуулж байгаад лекц тоглолт зохион байгуулдаг байсан юм. Тэгэхэд тэр хүүхдүүдийн 10-20 хувь нь л үнэнээсээ сонсдог, хэсэг нь өөрсдийгөө албадаж томоотой сууж өнгөрөөдөг, за бас 10-20 хувь нь ёстой байж суух газраа олж ядна. Сандлаас сандал дамнаж цовхчино. Тэр үед бараг бүх л хүүхдийг сонгодог хөгжимд дурлуулчих юм бодож тэгж сургуулиас сургууль дамжин уулзалт хийж, хөгжим сонсохыг урьж явсан маань их л романтик мөрөөдөл байсан юм билээ. Үнэндээ хөгжмийг сонсож хүлээж авах хүн байхад, огт үгүй нь ч бас байдаг. Тийм хүмүүсийг албадах шаардлагагүй гэж боддог болсон. Аливаа юманд цаг нь ирэх гэж их учир байдаг гэдэг. Нэг зүйлийг онцлон хэлэхэд хөгжмийг орчинд нь, өөрөөр хэлбэл театрт, зориулалтын зааланд сонсох ёстой, тийм соёлыг хэвшүүлэх ёстой юм шүү. Монголын телевизүүдээр дан хөгжмийн тоглолтууд хааяа гаргадаг. Их л хэцүү сонсогддог юм. Чанар нь 40-50 хувь алдагдсан бүтээгдэхүүн хэрэглэж байна гэж л бодох хэрэгтэй. Төхөөрөмж сайтай телевизээр бичлэг сайтай тоглолтууд гаргах бол өөр л дөө.
Г.Эрдэнэбаатар
ДБЭТ-ын найруулагч
- Олны танил болсон дууриудыг том, нүсэр гэж тээршаахгүй хүүхдэдээ байнга үзүүлж байгаасай эцэг эхчүүд. Ямар ч насны хүүхэд “Кармен”-д маш дуртай. Амьсгаагаа дарж байгаад л үздэг. “Евгений Онегин”-д монголчууд их дуртай. “Трубадур”, “Травиата”, “Шидэт лимбэ” гээд дурдаад байвал олон. Алиных нь ч хөгжим гоё. Хүүхдийг дагуулаад ирэх нь л чухал. Тэд аяндаа театрын уур амьсгал, хөгжмийн бүтээлүүдийн сайханд автана. Аяндаа л хэрэглэгч, үзэгчид болж өснө.
Б.Сэргэлэн
ДБЭТ-ын захирал
- Алдартай олон хөгжим бий. П.И.Чайковскийн суут бүтээлүүдээс мэддэг байх нь соёлт ертөнцийн нэгэн гишүүн болохын баталгаа болов уу. Хуульч мэргэжилтэй, төрийн албанд боломжийн ажил эрхэлж байсан залуу зүрх сэтгэлийнхээ дуудлагаар Петрбургийн Хөгжмийн дээд сургуульд суралцан хөгжмийн зохиолч болоод дахин давтагдашгүй ямар ямар алдарт бүтээлүүдийг туурвин хүн төрөлхтөнд үлдээсэн нь тун сонин. “Хунт нуур” “Щелкунчик”,”Нойрссон гүнж” бүжгийн жүжгүүд,”Евгений Онегин” дуурь болон дан хөгжмийн хүчирхэг хэрнээ уран яруу бүтээлүүд нь гайхалтай. Дуурь, балет нь харахын зэрэгцээ сонсоход зориулагдсан бүтээлүүд. Ж.Бизегийн “Кармен” дуурийг хүүхэддээ үзүүлэхгүй том болгочих нь тун харамсалтай. Эрэмгий, өөртөө итгэлтэй Кармен багачуудад маш их таалагддаг. Энэ нь “Хабанера” хэмээх ари юм гэж байгаад цээжлүүлэх хэрэгтэй. Тэр цоглог хөгжим, түүнд эрх зоргоороо дүүлэх мэт аашлах Карменаас хүүхэд хэзээ ч уйдахгүй, мартахгүй.
Рок нь хөгжим мөн ч…
Дээрх сувгаар ертөнцийн элдэв сонин гарах хойно бас нэгэн сонин туршилт нэг удаа харуулав. Жирэмсэн эмэгтэй энэ удаагийн туршилтын туулай. Түүнд сонгодог хөгжим сонсгож байгаад хэвлий дэхийг нь ажиглахад ураг тун ч тайван, нэгэн жигд амьсгалан бараг хөдөлгөөнгүй байх аж. Харин эхэд хэмнэл замбараагүй, чихэнд чийртэй рок сонсготол тэр дороо зангираад ирэх юм. Тэгснээ дахин сонгодог хөгжим сонсгоход аажим тайвширч түрүүний байдалдаа орсон.
Мөн энэ удаа үнэр, ааг урагт хэрхэн нөлөөлөхийг туршсан юм. Жирэмсэн эмэгтэйг гал тогоонд аваачиж сонгино хэрчүүлэхэд эмэгтэйн нулимс дуслахтай зэрэгцээд ураг хумиралдан тийчилж гарах юм аа. Аливаа амьд организмд хөгжим, орчин ингэж нөлөөлдөг байна.
Сайн хөгжим
“National geographic” зурагтаар гарсан юм. Италийн усан үзэм тариалагч нэгэн эр ургацыг нэмэгдүүлэх арга эрэлхийлэхдээ тариан талбайнхаа дөрвөн буланд том гэгчийн төхөөрөмж суурилуулан сонгодог хөгжим эгшиглүүлдэг болж л дээ. Үнэхээр таамаглаж байсан нь батлагдаж намар нь урьд өмнө байгаагүй амт чанартай, усан үзэм хурааж авчээ. Тэр хүн энэ тухай телевизээр ярилцлага өгөхдөө “Би хэдийгээр сонгодгийн өлгий нутгийн уугуул оршин суугч ч гэлээ сонгодо хөгжим ийм ид шидтэй гэдгийг мэдээгүй явжээ. Сайн бичигдсэн хөгжим амьд организмд ийм сайнаар нөлөөлдөг юм байна” гэж хэлж байсан.
5 настнууд Бетховены 5 дугаар симфонийг сонгожээ
Мөн япончууд бас нэгэн туршилт хийж. Цэцэрлэгийн таван настай хүүхдүүд ямар хөгжим илүү таашаадгийг судлахад Л.В.Бетховены 5 дугаар симфони тэргүүн байранд шалгарчээ. Хэмнэл түргэн, бадрангуй, урагш тэмүүлсэн аястай уг симфонийг “Ялалтын” хэмээн нэрийддэг.
Ерөнхийдөө туршилт маш сонирхолтой дүн харуулсан байна л даа. Удаахь байруудыг мөн л сонгодог, поп бүтээлүүд эзэлж байсан бол хүүхдийн дуунууд хамгийн сүүлийн байруудад шалгарсан байжээ. Тэр жаахан хүүхдүүд ямар хөгжимд дуртай байгааг нь сонсоод хөдөлж буй байдлаар нь, даган бүжиж, баяр хөөр болж буй байдлаар нь тодорхойлсон байна л даа.
Чанартай, сонгодог
Японы нэгэн хөгжим судлаач хөгжим усанд ямар нөлөө үзүүлдгийг судалжээ. Энэ нь үнэн хэрэгтээ хөгжим хүнд ямар нөлөөтэйг мэдэхийг зорьсных. Хүний бие организмын 70 хувийг ус эзэлдэг болохоор нөлөөлөл адил гэж тооцоолж л дээ. Туршилт явуулахад металл рок сонссон усны молекул тэр гэхийн тэмдэггүй замбараагүй, гадаргуу дээр будаг цацсан мэт хэлбэр бүхий болж харагджээ. Харин Моцартын 40 дүгээр симфони гэх зэрэг алдарт бүтээлүүдийг сонссон усны молекул 6 талст хэлбэр бүхий байж. Цоо эрүүл амьд организмийн эс 6 талст хэлбэртэй байдгийг шинжлэх ухаан хэлдгийг саная. Л.В.Бетховен, П.Чайковскийн хөгжмүүд, Элтон Жоны дуунууд, АББА хамтлаг гэхчлэн зөв зохион байгуулалттай, сонсголонтой хөгжмийн бүтээлүүдийг сонссон уснууд 5, 4 талст гэхчлэн дандаа тэгш хэмтэй, зөв хэлбэр бүхий дүрс үүсгэсэн байх аж. Эрдэмтэн энэхүү, Япон улсын олон том корпорацийн санхүүгийн дэмжлэгтэйгээр явуулсан судалгааныхаа дүнг туршилтынхаа дүнг танилцуулахдаа эцэг эхчүүд хүүхдэдээ ямар хөгжим сонсгож байхаа сонгоход нь туслах гэснээ хэлжээ.
Хөгжим гээч оюуны гайхамшигт бүтээл яг л сайн чанарын дарс, маш гоё бялуу, эсвэл дээд зэргийн чанартай кофе шиг амттай, дур хүсэл бадраагч хэрнээ нөр их хөдөлмөр, тэвчээр, хариуцлага шаардсан онцгой бүтээгдэхүүн аж. Энэ хүртэл хамт явсан эрхэм уншигч танд хөгжмийн тухай, түүнийг тойрсон асуудлуудын тухай янз бүрийн л бодол төрж буй байх. Ямартаа ч хөгжим, хөгжмийн боловсрол гэх зэрэг ойголтууд нь амьдралаас хол хөндий, тойрч давхиад байх, өөрт хамаагүй юм шиг зүйл огтхон ч биш юм байна гэдэгтэй та санал нийлж байгаа болов уу.
Танай гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсье.